Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ сарын 9-12-нд манай улсад айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол талаас үнэтэй хувь нэмэр оруулсан дөрвөн хүнийг “Найрамдал” медалиар шагнав.
Шагнал гардуулах ёслол Шангри-Ла зочид буудлын танхимд энэ сарын 10-нд болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань тэргүүтэй төлөөлөгч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны салбарт ажиллаж, хувь нэмрээ оруулсан иргэдийн төлөөлөл урилгаар оролцлоо.
Найрамдал медалиар, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд асан, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Батсүх, АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал бөгөөд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэ, Монгол Улсын Хятадын түүх, соёл судлалын нийгэмлэгийн захирал, хятад судлаач Х.Баатархүү нарыг шагнасан юм.
Г.Батсүх нь, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийг байгуулсан бол Ц.Сүхбаатар нь БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа тус улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад чухал үүрэг гүйцэтгэжээ. М.Чимэдцэеэ нь, “Си Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” ном орчуулснаас гадна хятадын түүх, соёлын талаарх 10 гаруй эрдмийн бүтээл туурвисан аж.
Харин Х.Баатархүү нь “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай”, “Нэг бүс, нэг замын түлхүүр үг” зэрэг ном туурвиж, XIX зуунд Хятадаас олгосон буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлсэн төслүүдийн зураг, бичвэрүүдийг цуглуулж үзэсгэлэн гаргажээ. Тэдний үйл хэргийг хоёр улсын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг БНХАУ-ын дэд дарга Ван Чишань шагнал гардуулах үеэр онцолж байлаа.
Ёслолын үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Хоёр улс хөгжлийн стратегиа уялдуулан хэрэгжүүлснээр ард иргэд бодит үр ашгийг нь хүртэх тодорхой төслүүдийг хэрэгжүүлж чадна гэдэгт илтгэлтэй байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслүүд нь Монгол Улсын хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн салбаруудад чухал хувь нэмэр оруулж байдгийг тэмдэглэж байна. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төсөл, Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах “1008 айлын орон сууц” төсөл, “Гачуурт-Налайхын 20,9 км авто зам” төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг төлөөлүүлэн дурдахад таатай байна.
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарын шинэ нисэх буудал хүрэх 32 км хурдны замыг хүлээлгэн өглөө. Энэ замыг БНХАУ-ын компани чанарын өндөр түвшинд тавьснаар Монгол Улсын анхны хурдны замын бүтээн байгуулалт болон түүхэнд бичигдэж байгаад баяртай байна. Хойшид ч Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны үр шим, Монгол, Хятад хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болсон ийм үлгэр жишээ бүтээн байгуулалтууд биеллээ олсоор байх болно. Хоёр улсын төр засаг, монгол, хятад хоёр ард түмэн энэ түүхт ойг жилийн туршид өргөн дэлгэр хамтран тэмдэглэхээр тохиролцож олон ажил зохион явуулж байгаа билээ. Үүний нэг нь энэхүү Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан монголын талын нэр бүхий хүмүүст шагнал гардуулах ёслол юм” хэмээв.
Ёслолын үеэр хоёр орны өнө эртний найрсаг харилцааг харуулах түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байлаа. Тухайлбал, БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойд оролцохоор Бээжин хотод очсон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нарын татуулсан гэрэл зургаас эхлээд хоёр орны үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нарын дурсамж өгүүлсэн гэрэл зургууд байв.
Гэрэл зургийг: Б.Чадраабал
2024-12-24
2024-12-23
2024-12-20
2024-12-19